Хүн бид хамгийн мунхаг нь

Oyunbileg Davaanyam
2 min readJul 27, 2018
photograph by ATTILA BALOGH, national geographic your shot

Тодорхойлолт: Тавин мянган жилийн тэртээ орчин үеийн оюун ухаант хүн төрөлхтөн үүсчээ. Хүн төрөлхтөн нь дэлхийн түүхэн дэхь хамгийн их хувьсан хөгждөг амьд организм юм. Хэл соёл, шашин шүтлэг, нийгэм, төр засаг, худалдаа, эдийн засаг, технологи гэх мэтчилэн нарийн бүтэц бүхий ухагдахуунууд нь хүн төрөлхтний агуу бүтээл билээ.

Хэдий хүн бидний дэлхий дээрх үр бүтээл, хөгжил дэвшлүүд бусад организмуудын хүрч чадамгүй түвшинд буй ч бидний ухамсар тэдний түвшинд хүрэх нь юу л бол. 19 дүгээр зуунд эхэлсэн аж үйлдвэржүүлэлтийн үеэс хүн төрөлхтөн дэлхийн экосистемд асар том сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Их хэмжээний нүүрстөрөгчийн хий дэлхийн агаар мандалд дэгдэн бүрхүүл үүсгэн халуун агаарыг өөртөө шингээн дэлхийн гадарга дахь температурыг нэмэгдүүлсэнээр дэлхийн дулаарал явагддаг. Гэтэл сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал түүнээс үүдэлтэй далайн түвшний нэмэгдэл тун ихээр дуулдах болжээ. Хэрэв бид ухаантайн дээр зарим амьтад шиг ухамсартай байсан бол дэлхийн дулаарал, далайн түвшний нэмэгдэл хожим эсвэл бүр дуулдахгүй байсан байх.

photograph by JØRN ALLAN PEDERSEN, YOUR SHOT

Хүн төрөлхтнөөс тун дээр үед буюу 200 орчим сая жилийн өмнө хөхтөн амьтад дэлхий дээр үүсэн амьдарч эхэлжээ. Тэдний нэг бол одоогийн хэрэм билээ. Хүн бид бий болохоос өмнө тэд аль хэдийн дэлхийн суурьшигчид болжээ. Гэсэн ч тэд өнөөдрийг хүртэл ямар ч асуудалгүй дэлхий дээр оршин байсаар. Бидний адилаар тэд дэлхийгээс хоол хүнсний хангамжаа авдаг ч биднээс ялгаатай нь тэд буцааж өгөхийг мэддэг. Үнэндээ тэдний хоч бол ойн хамгаалагчид. Учир юу гэвэл хэрэмний төрлийн амьтад нь модний үр, самраар хооллодог ба хүйтний улиралд хүнсээ нөөцөлдөг ч өвлийн улиралд нөөцөлсөн хүнснийхээ зөвхөн тавний нэгийг л хэрэглэдэг байна. Тэгэхээр үлдсэн бүх самар буюу үр нь тэдний булсан газар дэвтэн хавар нь мод болон ургадаг байх нь. Хэрэмний хувьд тэд хорин хувийг авсан бол дэлхийд наян хувийг буцаан өгдөг. Ер нь хэрэм ч гэлтгүй ихэнх амьтад давуулан буцаан өгөхгүй юм гэхэд авснаа өгдөг.

Харамсалтай нь хамгийн ухаант гэж өөрсдийгөө өргөмжлөгч хүн бид үнэн хэрэгтээ мунхагийн туйл болжээ. Өөрсдийн хэрэгцээнээс ихийг хэрэглээндээ хүсч түүнийгээ авсан бол эргүүлэн өгөхийг мэдэхгүй. Хуванцар, цаас, шил, хөвөн гэх мэтчилэн нэн чухал шаардлагагүй зүйлсийг өдөр тутам ашиглана. Гэхдээ мөн л дахин ашиглалт, нөхөн сэргээлтгүй. Энэ мунхаглалаасаа үүдэн бид өөрсдийгөө болоод дэлхийн бусад оршин суугчдад асар их аюул магадгүй төгсгөл авчирч буй байх.

Дараагийн удаа байгаль орчны асуудалд бид хэрхэн хувь нэмрээ өдөр тутмын амьдралын энгийн хэвшлүүдийн тусламжтайгаар оруулах боломжтой талаар та бүхэнд хүргэнэ ээ. Мөн байгаль орчны асуудлуудыг цуврал болгон хүргэх болно.

--

--