Хогоор тоглодог үе өнгөрч дээ

Oyunbileg Davaanyam
4 min readSep 9, 2018
PHOTOGRAPH BY VIVEK PRAKASH

Одоогоос 13 жилийн өмнө өвөөгийнхээ хашааны буланд байдаг пошикийг ухаж муудсан данх, хоолны сав, төмөр олоод ихэд баярладаг байлаа. Аргагүй дээ. Тухайн үед тэр болгон өнөөдрийнх шиг хуванцар гал тогооны хэрэгсэл, тоглоом олдоггүй ч байж. Хичнээн ээжээр хог ухаж тоглолоо гэж зэмлүүлдэг байсан ч өвс, цэцэг хэрчиж, хутгаж тоглох дуртай байсны дээр хөрш айлын хүүхдүүд, үеэл нартаа амсуулахдаа аятайхан сав суулгатай болох гээд л тэр пошикноос салдаггүй байсан юмдаа. Гэхдээ тэр үед пошиконд ер нь л хог байдаггүй, байгаа нь муудсан сав суулга, гэр ахуйн хэрэгсэл. Дээрээс нь хогоор тоглоод тоглоод гаран дээр ганц л үү гарч байсан даг (тийм л цэвэрхэн хогтой байж). Одоо харин хог ухвал өвчин эмгэг тусах нь лавтай. Үүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл бидний хэрэглээ өсч, олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн ашиглахын хэрээр хог хаягдлын хэмжээ, бохирдол асар ихэсч байна. Энэ холбоосоор орон дэлхийн хог хаягдлын яг одоогийн хэмжээг харж болно (хором тутам хэдэн тонн-оор өсч байна).

Энэ их хог хаягдал хаанаас гарч байна вэ?

Мэдээжийн хэрэг хүн бидний хэрэглээнээс үүдэлтэй хаягдал. Бид жилд 2.12 тэрбум тонн хог хаядаг ба бидний нийт худалдан авсан бараа бүтээгдэхүүний 99% нь зургаан сарын дотор хаягдал болон хогийн цэгт очдог. Мөн дунджаар хогийн цэгийн гуравны нэг хэсгийг зөвхөн сав баглаа, боодол эзэлдэг. Сав баглаа, боодол нь тухайн барааны нийт өртгийн ойролцоогоор 10%-ыг эзэлж, гэр ахуйн хаягдлын 65%-ыг бүрдүүлдэг байна. Тэгэхээр бид идэж, хэрэглэж болдоггүй хэрэгцээгүй зүйлд л хамаг мөнгө, хүчээ зарцуулаад байгаа бололтой.

PHOTOGRAPH BY STEVE DE NEEF

Бидний хог хаягдлаас улбаалан их хэмжээний хуурай газар, далай бохирдож, хүн болоод амьтдад муугаар нөлөөлж байна. Эдгээр хиймлээр гарган авсан хуванцар, цаас, хөвөн зэрэг нь байгальд задрахдаа асар их хугацааг зарцуулдаг. Эдгээрээс дурдвал тамхины иш 10–12 жил, сүүний сав 5 жил, картон 2 сар, хөнгөн цагаан лааз 200–250 жил, баттерей 100 жил, ариун цэврийн хэрэглэл болон живх 500–800 жил, хуванцар 1000 жилд бүрэн задардаг аж. Ингээд харахад бидний нэг удаа ашигласан зүйлс дэлхий хөрсөнд хаягдал болон биднээс тав зургаа дахин урт насалж дараа дараагийн зуунд өвлөгддөг байх нь. Нэгэн төрлийн сонирхолтой ч үнэхээр эмгэнэлтэй асуудал билээ.

Манай улсын хог хаягдлын менежмент

Улс орон бүр хог хаягдлын менежмент зохицуулалттай байдаг ба манай улсын хувьд нийт хог хаягдлын дийлэнх буюу орон сууцны хорооллийн 90%, гэр хорооллын 63% нь хогийн цэгрүү ачигддаг. Өнгөрсөн жил манай улсын нийт хог хаягдлын 319 мянган тонн нь шил, 69 мянган тонн нь хуванцар, 304 мянган тонн нь хоол хүнсний, 134 мянган тонн нь хаягдал төмөр болон өнгөт металл, 104 мянган тонн нь цаас, 72 мянган тонн нь малын гаралтай, 86 мянган тонн аюултай хог хаягдал буюу цацрагийн хог хаягдал, 485 мянган тонн нь бусад булагдсан хог хаягдал байдаг ба ойролцоогоор сая тонн хог хаягдлыг хөрсөндөө булдаг гэсэн тооцоо гарсан. Эдгээр хог хаягдлын маш бага буюу өвлийн улирал 3.7%, зуны улиралд 8.4%-ийг ялган ангилж, дахин боловсруулдаг. Хэдий сүүлийн жилүүдэд энэ асуудал дээр тавих анхаарал ихэсч, нилээд хэдэн хог хаягдал дахин боловруулдаг компани үйлдвэрүүд нэмэгдсэн ч төдийлөн их эерэг нөлөө авчрахгүй л байна.

Нарангийн энгэрийн хогийн цэг /ekhsurvalj.mn

Тэгэхээр бид яах ёстой вэ?

Намайг 3 жилийн өмнө Нарангийн энгэрийн хогийн цэг дээр очиход гялгар уутан далай тосч байсныг тод санаж байна. Тэгэхэд би 10 дугаар ангид байсан ба тэр үеэс л байгаль орчны асуудал анхаарлыг минь ихээр татаж эхэлсэн юм. Өнөөдрийг хүртэл анзаарч, ойлгосноор хүмүүс бид дараах байдлаар хог хаягдлаа багасган амьдарч буй орчиндоо том хувь нэмэр оруулж чадна.

  1. Аль болох нэг хэрэглээний аяга, таваг, хуванцар соруул ашиглахгүй байх.
  2. Худалдан авалт хийхдээ даавуун тор ашиглах. Манай улс жилдээ 300 орчим тонн гялгар уут хэрэглэдэг ба үүний ердөө 40–50% -ийг ялган ангилж, дахин боловсруулдаг байна. Бусад нь харамсалтай нь хөрсөнд булагдан зуу зуун жилийн турш задарсаар байдаг.
  3. Хог хаягдлыг дахин ашиглах. Бараа бүтээгдэхүүний сав баглаа, хайрцгийг өөрийн хэрэглээнд дахин ашиглах. Хүн бүр нэг л удаа дахин ашигласнаар их хэмжээний хог хаягдлыг үүсэхээс сэргийлэх болно.
  4. Хог хаягдлаа ялган хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдэд өгөх. Доор манай улсад буй 2 цаас дахин боловсруулах үйлдвэрийн холбоо барих утсыг орууллаа.
3R PAPER цаас дахин боловсруулах үйлдвэр
SAINPAPER — ХАЯГДАЛ ЦААСАН ХАЙРЦАГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР АВНА 88017944 88805820

Ашигласан материал: http://development.ub.gov.mn/uploads/Xog-xayagdal.pdf; https://www.thebalancesmb.com/how-long-does-it-take-garbage-to-decompose-2878033; https://www.nationalgeographic.com/photography/proof/2017/09/seahorse-ocean-pollution/; http://mongoltv.news/archives/2371; https://ikon.mn/n/1dkj

--

--