Миний үлгэр №1: Итали эмч Алдо

Oyunbileg Davaanyam
11 min readJun 7, 2020

Та бүхэнтэй өөрийн амьдралдаа учирч байсан хамгийн өгөөмөр сэтгэлт нэгнийг танилцуулахад таатай байна. Энэ хүнийг Алдо Ло Курто гэдэг ба Итали улсад гэр бүлийн эмчээр ажиллаж, амьдардаг жирийн нэгэн. Тэрээр сүүлийн 22 жилд зун бүр Монгол улсад ирж, хотын зах болон хөдөө орон нутагт оршин суудаг иргэдэд нэн хэрэгцээт эрүүл мэндийн үзлэг, туслалцаа хүргэсээр байна. Энэ хүн үнэхээр их хөрөнгө, үрэх цагтайдаа Монголд ирж хүн ардад тусалдаггүй. Зөвхөн бусдад туслах гэсэн чин сэтгэлийнхээ үүднээс өөрийн эмчээр ажиллан хадгалж, хураасан мөнгөөрөө бүх аялал, тээврийн зардал, орчуулагч, эм хангамж, багаж хэрэгслээ базаан ирдэг. Үнэхээр гайхалтай биш гэж үү. Энэ хүн эмчээр ажиллаж, олонд туслаад барахгүй түүнээс олсон бүхий л мөнгөө бүр олон хүнд зориулахаар хөдөлмөрлөдөг.

Алдо Ло Курто Тереза Эхийн хамт (олон нийтийн хуудаснаас нь авсан болно)

Энэ зураг дээр Алдо эмч залуухан байжээ. Одоо хэдийнээ 70 орчим настай ч залуу хүнээс дутахааргүй цоглог эрч хүчтэй нэгэн. Монголоос гадна Бразил, Бенин гэх зэрэг нилээд олон улс орнуудад жил бүр очин өөрийн чадах бүхнээрээ тусалдаг нэгэн.

Алдо эмч Бразил улсад, 2019–2020
Алдо эмч Бразил улсад, 2019–2020
Алдо эмч Бенин улсад, 2019
Алдо эмч Бенин улсад Сантаг авчирсан нь, 2019

Та бүхний харж байгаачлан Алдо эмч өөрийн ажлын хажуугаар жил бүр эдгээр орнуудруу 14 орчим хоногоор тус тус айлчлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ямар ч үнэ төлбөргүй хүргэдэг. Эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна Алдо эмч очсон газар бүрдээ хүнд хэцүү өрх гэрүүд, сургууль, цэцэрлэгүүдэд зочилж, мөнгөн болоод эд зүйлсийн тусламж үзүүлдэг. Тэрээр өөрийн болон, сайхан сэтгэлт найз нөхдийнхөө сэтгэлийн тусламжийг харамгүй түгээж явдаг нэгэн.

2019 оны зун Алдо эмч өөрийн найз Томастай хамт Монголд ээлжит сайн дурын үзлэг, туслалцааг хүргэн ажиллахаар ирсэн юм. Миний бие ээжийнхээ эртний найз Алдогийн хэлмэрчээр энэ удаад ажиллахаар болсон. Намайг ямар туршлага, сорилт хүлээж байсныг мэдэхгүй ч анх удаа хэлмэрчээр ажиллаж, хөдөө явах боломжтой болсондоо маш их байртай байлаа. 7 дугаар сарын 7-ны өдөр Москвагаас Улаанбаатарын чиглэлд нислэгээр Алдо эмч, Томас хоёрыг тосон авлаа. Тэрээр 22 дах жилдээ Монголд ирж байгаа ба энд аль хэдийнээ нэлээдгүй хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүстэй болсон байлаа. Тиймээс би хамтран ажиллагч ТТБ-ынх нь тэргүүн, найрсаг эмэгтэй, түүний жолоочтой хамт тосохоор очсон юм. Алдо эмчийг хүлээж байх зуур өнөөх найрсаг эгч маань: “Алдог таних амархоон. Нэлээн олон халаастай жакеттай, цагаан үстэй хүн байгаа” гэв. Би ч яг л тийм хүнийг хайж зогссон юм. Тэр хүн үнэхээр бусдаас онцгой байлаа. Гарч ирээд надад Алдо гэж нэрээ хэлээд инээн гар барьсан юм. Яг энэ мөчөөс 14 хоногийн турш энэ хүнээс маш олон зүйл мэдэж сурч авсан даа.

Шашин хүндлэл

Шашин гэж юу вэ гэдгийг барагтаа анх удаа шүүмжлэн өөрөөсөө асуусан нь Алдотой хамт олон газраар явснаас эхлэлтэй. Бүхий л шашинд итгэн биширдэг, номлолыг нь дагагчид бий. Түүнчлэн нэг шашин нөгөөгөө үгүйсгэх, буруушаах нь олонтаа. Тиймээс ч би нэг шашинд итгэн сүсэглэж, нөгөөгөөс зай барих нь зүйн хэрэг гэж л боддог байлаа. Гэвч энэ бодол маань энэ 14 хоногт бүрэн өөрчлөгдсөн юм.

Missionaries of Charity (M.C.) Retrieved from Archdiocese of Denver website

Алдог нисэх буудлаас тосоод хамгийн түрүүнд очсон газар бол Тереза эхийн үүсгэн байгуулсан эрүүл мэндийн төлөө ажиллагчдын байгууллага (the Order of the Missionaries of Charity) буюу ахмадуудын асрамжийн газар байлаа. Яармагт байрлах энэ сүмд хүнд өвчтэй, өндөр настан өвөө нар асран сувилуулдаг. Биднийг очих үед 20–30 өвөө нар тэр байранд байрлан шашны төлөөлөгч гэлэнмаа нараар (sisters) асруулж байсан. Энэ эрүүл мэндийн байгууллага нь Тереза эхийн үйл хэргийг гүйцэлдүүлэгч, дэлхий дахинд тархсан missionaries -ын тусламжтайгаар явагддаг. Тус байгууллага нь Роман Католик шашны үндсэн номлолтой.

Асрамжийн газрын үүднээс биднийг Энэтхэгээс ирсэн гэлэнмаа нүүр дүүрэн инээмсэглэн тосч авлаа. Хамгийн гайхалтай нь монголоор үнэхээр сайн ярьж байсан шүү. Дотор ороход бүүдгэр хэдий ч амар амгалан уур амьсгал угтсан. Нэг жижиг өрөөнд өглөөний цай бэлдчихсэн биднийг хүлээж байсан болтой. Намуухан тэр өрөө надад яг л 90-ээд оны киноны дүрс шиг сайхан харагдаж билээ. Бид цайгаа уун, Алдо сүмийн эгч нартай хууч хөөрөөд авав.

Энэ газар бид дараа долоо хоногт ирж бүх асрамжид байсан өвөө нарт үзлэг хийсэн ба дахин Алдог гаргаж өгсний дараа энэ хугацаанд сайн дураараа хамтран ажилласан Гүнбилэгтэй хамт Алдогийн хандивыг хүргэж ирсэн юм. Ингэж сүүлд ирэхдээ үүрийн 6 цагт нисэх буудлаас Яармаг руу усан бороон дунд шалба норон очиход Гүнбилэг бид 2-ыг яг л урдныхаараа халуун дотноор хүлээн авч халуун цай, өглөөний унд, бүр солих хуурай хувцас өгч билээ. Үнэхээр их талархсан би хувьдаа. Бидний халамжлах хэрэгтэй настнуудыг тэд юу ч хариуд нь нэхэлгүйгээр асран эмчилж байдаг. Эдгээр элч нар маань өөрсдийн гэр бүл, эх орноо орхин дэлхийн хамгийн асуудалтай, ядуу буурай газруудад буй хөгшин настай, бие муутай, хараагүй хүмүүсийг асрахад өөрсдийн амьдралаа бүрэн зориулдаг сайхан сэтгэлтнүүд билээ. Алдогийн энэ шашинд үзүүлж буй хүндлэл маш олон хэлбэрээр илэрч байсан юм.

Missionaries of Charity continue the mission of serving poorest of the poor (2018)

Гэвч Алдогийн ганцхан зочилсон шашны байгууллага энэ байгаагүй юм. Хамт ирсэн найз Томасдаа Улаанбаатарыг үзүүлэхээр Гандандэгчилэн хийд рүү дагуулж очсон юм. Энэ үед би түүнийг зүгээр л жуулчид их очдог газар болохоор энэ газарт ирсэн гэж бодтол миний бодол өчүүхэн байсныг ухаарсандаа. Нөгөө Католик шашинтай байхнээ гэж бодож байсан хүн маань Буддын шашны номлол, ёс заншил хийгээд Гандан дахь хийд дугануудад ямар учиртай, юу байдгийг надаас хавь илүү мэдэж байлаа. Үнэндээ тэр үед өөрийгөө Буддын шашинд итгэгч гэж хэлэхдээ ичиж билээ. Юу гэдгийг нь мэдэхгүй байж итгэж, сүсэглэж байснаа нэг сайн ухаарсан даа. Ганданд тийм олон жилийн турш очихдоо орж байгаагүй, оръё ч гэж бодож байгаагүй хийд рүү Алдотой хамт анх удаа орсон доо. Тэндээс гараад Үндэсний Түүхийн Музей орох замд Алдо “Зиа. Чамд танай хотыг танилцуулна аа” гэж ёжлон инээж билээ.

Улаанбаатар дахь эхний ажлаа дуусгаад Дорнод аймгийн Дашбалбар суманд ажлаа эхлэв. Өглөөнөөс үд болтол ажиллаад орой чөлөөт цагаараа нутгийн айлуудаар зочилно. Бид нэг орой нутгийн хамгийн том удганы гэрт уригдсан юм. Алдо үнэхээр шашин бүрд хүндлэл үзүүлдэг нь надад үнэхээр гайхалтай санагдаж байлаа. Тэр бүхий л үнэхээр сониучлан бичлэг хийж, аль хэдийн 21 жилийн турш бүтээсэн урын сандаа нэмэрлэнэ. Тэр удган Алдотой маш сайн нөхөрлөнө. Нөхөр хүүхэд, ажил төрөл бүгдээ л хуваалцана.

Дашбалбар суманд бидний зочилсон удган (Алдогийн буулгасан зураг болно)

Алдогийн ачаар амьдралдаа анх удаа шашныг итгэн үнэмших бус хөндлөнгийн зүгээс харж, үзэж, харилцаж, хүндэтгэж болдгийг мэдсэн юм. Шашин хүн биднийг нэгтгэж, бидэнд хамтран ажиллах боломж олгодог гэж зарим эрдэмтэн судлаачид тодорхойлсон байдаг. Миний хувьд шашин нийгэмд тодорхой хэмжээний эмх цэгц авчирдаг дан ганц итгэл үнэмшлийн хийсвэр ухагдахуун бус бодит (объектив) үр нөлөөтэй зүйл юм шиг санагдсан.

Хашир зан, төлөвлөлт

Хашир зант нэгний нэр цохооч гэвэл миний амнаас “Алдо” гэх нэр гялсхийн гарах байх. Энэ зан чанар түүнийг ирэхээс хэдэн сарын өмнө л үнэртэж эхэлсэн юм даа. Монголд ирэхээсээ гурав, дөрвөн сарын өмнө Улаанбаатар-Дашбалбар чиглэлийн нислэгийн тасалбараа нийт ажлын багийн дөрвөн хүндээ захиалсан байлаа. Нэр ус, цаг өдөр бүгд тодорхой байсан нь иймд дасаагүй надад жаахан сүрдэм байлаа. Онгоцны буудлаас гарч ирээд л манай хүн олон халаастай жакетнаасаа нэг жижиг боловч зузаан дэвтэр гаргаж ирэн утасны дугаар хайж эхлэв. Миний ажигласнаар Алдо хамгийн чухал бичиг баримт, тэмдэглэл, утасны дугааруудаа бүгдийг нь жакетдаа багтаасан байсан. Хамтран ажиллаад олон жил болж буй нөхдөөс түүнийг хачин хашир хүн гэж төчнөөн сонссон надад энэ нэг их цохилт болсонгүй. Гэвч аялал, ажил эхэлсэн мөчөөс л жинхэнэ мэдэрч эхэлсэн дээ. Үнэхээр нухацтай хүн. Гурав, дөрвөн хоногийн өмнөөс уулзах хүн, очих газруудтай утсаар ярьж сануулж эхэлнэ. Нэг зүйлийг ганц асуугаад өнгөрнө гэж хэзээ ч үгүй дор хаяж хоёр удаа лавлана. Бусдад даатгаад орхих бус өөрөө сануулж байх нь өөрийнх хариуцлага гэж боддог юм шиг санагдсан. Ийм зарчимч байснаар хамт ажиллаж, харьцаж буй хүмүүс нь дагаад л хариуцлагатай болоод ирдэг юм билээ.

Үүний нэг тод жишээ нь биднийг Дашбалбар суманд ажиллах тав орчим хоногт би нэг л айл товлосон цагаасаа хоцорсныг харсан. Бусдаар бүх байгууллага, цэцэрлэг хувь хүмүүс яг цагтаа гозойж байсан даа. Би ч хувьдаа гайхаж бас баярласан. Хариуцлагатай улс байна лээ Монголчууд бид чинь. Үүнээс би өөрөө хариуцлагатай, зарчимч байснаар бусдад нөлөөлж, өөрийн ажил төрлийг үр бүтээлтэй хийх боломжтойг ойлгож авсан.

Мэдлэгээ хуваалцах

Зиа тэгээд хүн мэдлэгтэй байлаа гээд түүнийгээ ашиглах газраа үл мэдэх эсвэл бүр огт ашиглахгүй бол чанасан махаа идэлгүй ил хонуулж байгаатай агаар нэг болно байх. Алдо харин мэдлэгээ хаана, хэзээ, яаж ашиглахаа мэддэг хүн. Өөрийн анагаах ухааны мэдлэгээрээ олон шаардлагатай хүмүүст тусалж, тэдний амьдралд өнгө нэмж яваа хүн. Гэвч бидний дунд түүн шиг хүн хэр олон байдаг билээ. Хүмүүс бид залхаг залхуудаа өөрийн мэдлэгээ өөртөө л хадгалаад суудаг уу эсвэл үнэхээр аминчхан үзэлтэй бусдыг боддоггүйдээ юу? Аан эсвэл өөрсдийгөө бусдад туслах чадваргүй гэж мэдрээд зориг зүрх гаргадаггүй дээ байх. Миний бие Алдотой хамт ажиллах үе мөч бүрдээ өөрийгөө яг эдгээр зориг, зүрхгүй хүмүүсийн нэг болохоо мэдэрч байлаа. Би хэдий нэг их мэдлэг чадваргүй ч олон хүмүүс тус болж чадахуйц зүйлс мэддэгээ өөрөөсөө нууж байсан юм билээ. Жишээ нь би хичээлдээ хоцрогдсон боломжгүй хүүхдүүдэд ядаж долоо хоногт нэг удаа 2-хон цаг гаргаад давтлага өгч болох байжээ. Өөрийн дуртай зүйлсээ бататган хөгжүүлэх боломж маш их байдаг юм байна гэдгийг ухаарсан. Надаас унаад байх юм байхгүй шүү дээ.

Зүтгэл гаргаж бусдад мэдлэгээ түгээхээс гадна зүгээр л мэдээллээ өөртөө хадгалж хатаалгүй хуваалцах нь өөрт ямарч халгүй ч бусдад асар том тус болж болдог. Би онгоцонд Алдотой ярьж явахдаа намар нь АНУ-руу сурахаар явах болсноо хэлэхэд тухайн улс өөрт нь ямар санагддаг, хэрэгтэй мэдээлэл, миний байрлах хотод Монголын консулын газар байдаг тухай гээд л өөрийн мэдэх бүхнээ ярьж өгсөн. Түүнд энэ бүхнийг хуваалцахад тийм хэцүү байгаагүй байж болох ч анх удаа тэр улсад суралцаж, амьдрахаар очиж байгаа надад үнэхээр чухал, тустай мэдээлэл байсан юм. Яг энэ үед би энгийн зүйлсээр бусдад тус хүргэж болдгийг ойлгосон. Зүгээр л мэддэгээ харамлалгүй хуваалц.

Үргэлж нэг биш олон зам бий

Алдо зүгээр нэг хүмүүст эрүүл мэндийг үзлэг оношилгоо үзүүлээд өнгөрдөггүй. Тус хэсэг газрын удирдлагатай уулзаж, зайлшгүй хяналтад байх ёстой хүмүүсийг тэмдэглүүлж, эмнэлэг эмч нарт тоног төхөөрөмж, эм тариа үлдээнэ. 2018 онд ирэхдээ тэрээр сумын эмнэлэгт цоо шинэ түргэн тусламжийн тэрэг хандивласан байсан. Дашбалбар сумын эмч нар жилд нэг удаа Алдогийн авчирч өгдөг эм, хэрэгслүүдийг хүлээн ирснүүдийг нь гамтай гэгч нь хадгалж, хэрэгтэй хүмүүст нь хүргэх гэж хичээнэ.

Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт оруулаад зогсохгүй, цэцэрлэг, сургуулиудад чадах чинээгээрээ хандив өгнө. Улаанбаатар хотын Толгойт орчимд нэг хороотой хамтран тэр хавийн хөгшид, хүүхдүүд, залуучууд гээд тусламж хэрэгтэй хэн бүхэнд хүрч ажиллана. Энэ жил ирэхдээ харьяа сургуулиас шилдэг цөөн тооны сурагчдад мөнгөн тэтгэлэг гардуулсан. Эдгээр сурагчдад үүгээрээ маш том эд хөрөнгийн болоод сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн билээ. Бас нэг сайхан гэр бүлд яг хэрэгтэй шинэ өргөө гэр бэлэг болгосон.

Алдо шалгарсан хичээл зүтгэл бүхий сурагчдад тэтгэлэг гардуулж байгаа нь
Дашбалбар сумын цэцэрлэгт хөрөнгө оруулж, маш олон сайхан Монголын ирээдүйг дэмждсэн билээ.

Алдо эдгээр хүмүүст маш олон замаар тусалж байлаа. Бүр маш олон. Тиймээс нэг зорилгод ганцхан замаар бус маш олон талаас нь зэрэг хүрч болдгийн тод жишээ энэ байсан юм.

Олны тус оломгүй далай

Алдогийн энэ сайхан үйлсийн ард тэр ганцаараа биш харин түүний зуу зуун найз нөхөд, сайхан сэтгэлтнүүд байдаг юм байна лээ. Алдо Италиас ирэхдээ авч ирсэн том ачаануудаа задлаад дэлгэж байгаад бүх тус болсон хандив үзүүлсэн нөхдийнхээ бэлдсэн нэрийг барьж байгаад талархлын зураг нэг бүрд нь татуулсан юм. Энэ өдөр бид бараг 2,3 цаг тасралтгүй зураг авалт хийсэн шүү. Алдо бүр надад хүртэл нэрийг минь томоос том бичиж байгаад талархлын зураг даруулж өгсөн. Ингэхдээ хэлсэн үгийг би одоо хүртэл маш тод санаж байна: “Хамтран ажиллах гэдэг чинь хамтран ажиллана гэсэн үг шүү дээ”.

Олны хүч нэгдвэл ихийг бүтээж болдгийг бас тус хүргэсэн хүн бүрд талархах хэрэгтэйг би ойлгосон.

Зиа энэ миний хамгийн хайртай зургуудын нэг дээ. Алдо танд маш их баярлалаа.

Гэр, гэр бүлийг хүн өөрөө бүтээдэг

Дашбалбар сумынхан тэр чигтээ Алдогийн гэр бүл. Хэн юу хийдэг, юунд дуртай, хэнд юу хэрэгтэй, тэр хэд ямар зан төлөвтэй гээд бүгдийг Алдо алзахгүй. Алдог ч бас нөгөө хэд маань сайн мэднэ. Манай Алдо ийм хоол иднэ идэхгүй гээд л тэд маань бүр гаргахгүй юм байна лээ шүү. За тэгээд сумынхан маань би ч гэртээ аваачина гээд л уралддаг юм байна лээ. Далимаар нь ч би Чух нуур орчихсон бас олон айлын хоол буудсан даа.

Сумын эмнэлэг, нисэх буудал, Чух нуур

Тэнд манай Алдогийн хамгийн сайн найз Батбаяр ах байдаг. Миний аяллын хамгийн том дурсамжуудыг бүтээж өгсөн үнэхээр сайн хүн бий. Түүнийг олон жилийн өмнө ирэхэд тэр ах маань жаахан хүүхэд байсан гэсэн. Харамсалтай зүйл тохиолдсоны улмаас тэр ах маань тархины жаахан өөрчлөлттэй болсон юм байна лээ. Сумын ард маань түүнийг солиотой гэж хочилно. Алдо надад: “Батбаярыг хүмүүс галзуу гээд ялгаварлаад байдаг юм” гэж түүнийг өрөвдсөн байртай хэлсэн. Харин сумын ард надад: “Энэ Батбаяр Алдог ирэхээр эрхлээд байдаг байхгүй юу. Алдо чинь Батбаярыг бүр айхтар харж үзнэ” гэж жаахан дургүйхэн хэлж байсан. Гэхдээ миний бодлоор Батбаяр ах үнэхээр цоглог, өөдрөг, эерэг, ямарч гэм хоргүй хүн шиг санагдсан. Өглөө бүр сумын эмнэлэг дээр ирээд бидэнд үзлэг хийхэд тусална. Бид нарыг хоол идэх эсвэл тарах дөхөхөөр хаашаа ч юм хэзээ дээ ч юм алга болчихно. Санаа зовоод асуухаар Алдо зүгээрээ тэгж байгаад хүрээд ирнэ гэнэ. Яг хэлснээр нь маргааш хүрээд л ирнэ. Ирээд өдөр оройдоо сайхан өөрийн амьдралаа, өнгөрсөн жил яагаад Алдог ирэхэд байгаагүй гээд тоотой хэдэн түүхээ давтан за бараг цээжилтэл ярьж өгнө. Гэсэн ч энэ аяллыг маань гэрэлтүүлсэн хүмүүсийн нэг дээ. Үүнээс л би Алдог өөрийн гэр бүл, ах дүүсээ энд би болгосныг бүрэн ойлгосон.

Зиа манай Алдо, Томас, Гүнбилэг, Батбаяр ах нар маань. Сайхан бригад байгаа биз дээ?

Ингээд болоогүй гэр гэдэг ойлголтыг бид бас л өөрсдөө бүтээдэг мэт санагдсан. Биднийг сумын эмнэлгийн хажуугийн эмийн сангийн нэг өрөөнд байрлуулсан. Жаахан тухгүй ч гэсэн тэр өрөө Алдо, Томас, Гүнбилэг бид дөрөвт нэг л мэдэх нээ хамгаас тухтай гэр болж хувирсан юм шиг санагдсан. Өглөө, өдөр, оройн хоолоо ширээ тойрч суугаад иднэ. Ядарсан үедээ орж ирээд л тэрийгээд хэвтэнэ. Орой уйдвал соёлын төв орж, бүжиг дуу үзэж, буриад үндэсний хувцас өмсөөд авчихна. Айдаа тавхан хоносон ч буцаж явахдаа үнэхээр их гуниглаж, санаж билээ. Гэхдээ энэ бүхэн дайлуу, уужуу, уриалхан нутгийн иргэдгүйгээр бүтэхгүй зүйлс байсан билээ. Мөн энэ их хүндлэлийг хүлээсэн Алдо тэдний гэр бүлийн гишүүн яалт ч үгүй мөн байсан юм.

Манай сумын соёлын төвийн бүжигчдийн зөвхөн бидэнд тавьсан тоглолт, бид хэдийн байрласан өрөө
Бригад маань ингээд сүүлд бүжигчидтэй болсон байдаг юм. Бас манай хоёрт үндэсний хувцас маань зохисон гэж жигтэйхэн.

Алдо танд баярлалаа

Ийм нэгэн адал явдал, хариуцлага дүүрэнтэй мөртөө хөгжилтэй, дулаахан аяллын тасалбар өгсөн Алдо танд гүнээ их талархаж байна. Таны хажууд ажиллаж, аялж, суралцаж өнгөрүүлсэн эдгээр 14 хоног миний амьдралын маш тод дурсамжуудын нэг болон үлдлээ. Танаас сурсан ойлгосон зүйлс, ирээдүйн амьдралд минь маш том хөрөнгө оруулалт, усалгаа болно гэдэгт найдаж байна. Сайхан сэтгэл, зүтгэлийг тань үгээр хэлээд баршгүй агуу билээ. Таны дэмжиж, тусалсан бүх хүмүүсийн өмнөөс талархал илэрхийлье. Танд эрүүл энх, энэ орчлонгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Жич: Энэ бичвэрт ашигласан зарим зургуудыг Алдо буулгасан болно.

--

--