Байгаль орчин #1: Ус

Oyunbileg Davaanyam
4 min readAug 13, 2018
photograph by CARLTON WARD, NATIONAL GEOGRAPHIC

Дэлхий дээрх амьдралын гол хүчин зүйлсийн нэг бол яахын аргагүй “ус” билээ. Усгүйгээр амьтад, ургамал, хүн бид дэлхий дээр орших боломжгүй (ихдээ долоо хоног тэсэх байх). Өдөрт дунджаар амьтад 22.7 литр ус хэрэглэдэг бол хүний хувьд 3 литр байдаг аж. Ус нь хүний биеийн бодисын солилцоо, хоол боловсруулалт, тархины үйл ажиллагаа, хүчил төрөгч хуваарилалт, эсийн нөхөн сэргэлтэд маш чухал үүрэгтэй. Хүний биеийн 65 орчим хувийг ус эзэлдэг ба энэ усны хэмжээ байнга алдагддаг тул бид тогтмол ус уух нэн шаардлагатай. Түүнчлэн зөвхөн хүний биед чухлаас гадна ус дэлхийн экосистем, амьтан, ургамлын үндсэн хүчин зүйл билээ. Усны тусламжтайгаар ургамал эрдэс бодисоо жигд хуваарилж, фотосинтезэд ордог ба тэдний биеийн 90 орчим хувийг ус эзэлдэг аж. Тиймээс ус нь хүн, амьтан, ургамал, амьд организм бүхэнд нэн чухал.

Харамсалтай нь манай дэлхийн цэвэр усны нөөц хязгаарлагдмал. Хэдий дэлхийн гадаргын 71 орчим хувийг ус эзэлдэг ч үүний 97.5 хувь нь далай болон бусад давсархаг ус ажээ. Бид бүхний хэрэглэж болохуйц цэвэр ус дэлхийн нийт усны зөвхөн 2.5 орчим хувийг бүрдүүлдэг. Нийт цэвэр усны нөөцийн 1.2 хувийг дэлхийн гадарга дээрх гол горхи, нуур, хөрсний чийг, 30.1 хувийг газар доорх буюу гүний ус, 68.7 хувийг мөсөн гол, бүрхүүл тус тус эзэлдэг байна.

photograph by MAX WHITTAKER/THE NEW YORK TIMES

Цэвэр усыг бид газар тариалан, үйлдвэрлэл, гэр ахуй, энтертайментийн зорилгоор голчлон ашигладаг ба өдөр ирэх тусам усны хомстол, бохирдол газар авсаар байна. Энэ нь дараах үндсэн шалтгаануудын улмаас бий болж байна: хүн амын хурдацтай өсөлт, үйлдвэр бизнесийн өргөжилт, хотжилт, цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал.

Манай улсын орон сууцны иргэдийн цэвэр усны 80 орчим хувь нь гүний ус байдаг аж. Гэвч манай улсын хувьд Япон болон бусад орнууд шиг ашигласан усаа 100 хувь цэвэршүүлэн дахин хэрэглээндээ ашиглах технологи байхгүй тул бохир ус маань цэвэрлэх байгууламжаар дамжин Туул уруу юүлэгддэг. 1964 оноос ажиллаж буй нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн чанар муудсантай холбоотойгоор сайн цэвэршээгүй бохир ус гол, хөрсийг тодорхой хэмжээнд бохирдуулж эхэлжээ.

Гүний усыг бид ийнхүү ашигладаг бол мөсөн гол, мөсөн бүрхүүл нь цэвэр усны их хэмжээний нөөц хэдий ч дэлхийн дулаарал, далайн усны температурын нэмэгдлийн улмаас цэвэр ус агуулж буй туйлын мөс хайлж далайн ус болсоор байна. Хүн бидний буруутай үйлдлээс гарсан нүүрсхүчлийн хий, түүнээс үүдсэн дэлхийн уур амьсгалын хурдацтай өөрчлөлт эргээд биднийг, амьтдыг, дэлхийг үгүй хийж байна. Тиймээс өнөөдрөөс хувь хүн бид бүхэн ухамсартайгаар өөрсдийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна.

HUFFPOST/Далайн дулаан усны улмаас хайлж буй Антарктидын мөсөн бүрхүүл

Тэгэхээр бид хэрхэн усны нөөцөө хамгаалах вэ?

Дараах энгийн зүйлсийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлснээр та ус маш их хэмжээгээр хэмнэх ба ирээдүйдээ асар том хөрөнгө оруулах болно.

  1. Усны цорго, хоолой, нойл бүрэн хаагдсан эсэхийг байнга шалгаж байх
  2. Нойлын бочки буюу ус нөөцлүүртээ жижиг хуванцар савыг усаар дүүргэн хийх (энэ нь ойролцоогоор ус таталт тутамд 0.5 литр цэвэр ус хэмнэдэг)
  3. Шүршүүрт орохдоо шаардлагагүй үед усаа хаан хэмнэж байх
  4. Нойлыг хэзээ ч битгий хогийн сав болгоорой
  5. Шүдээ угаах эсвэл нүүрээ угааж байхдаа хэрэгцээгүй үед заавал цоргоо хааж байх
  6. Ус тосч аяга болон ногоо угаах
  7. Угаалгын машинаар хувцас угаахдаа аль болох дүүргэж байх

Кэйп Таун хотын усны гачигдлын тухай

Photograph by MIKE HUTCHINGS/Newland дахь рашаанаас ус авахаар оочирлож буй иргэд

Өмнөд африкийн Кэйп Таун хотыг өнгөрсөн оноос дэлхийн анхны усгүй томоохон хот болно хэмээн шуугьж эхэлсэн. Энэ хотын Day Zero буюу гангийн улмаас ямарч усгүй болох өдөр ирэх 2019 онд тохионо хэмээн тогтоогджээ. Одоогоор хотын иргэд өдөрт 50 литрээс их хэмжээний ус хэрэглэх хориотой ба шүршүүрт 2 минутаас илүүгүй хугацаа зарцуулах ёстой аж. Тус хотод ундны усны үнэ 2 дахин өсч иргэд Newland гэх газарт байрлах рашаанаас ус авахаар урт цуваа үүсгэж байгаа аж. Энэ усны гачигдал нь Кэйп Таун хотын хүн амын хэт өсөлт болон муу зохион байгуулалт бүхий дэд бүтцээс үүдсэн хэмээн судлаачид үзжээ. Хотын оршин суугчид усны хэт гачигдалд орсон тул одоо тэдэнд аль болох бага ус хэрэглэх арга л үлдсэн аж.

Дэлхийн нэг хэсэгт усны гачигдал маш хүчтэй байхад бид хамаагүй гэж суух нь яав ч зөв зүйтэй үйлдэл бус билээ. Бусдын төлөө биш юм гэхэд өөрийн ирээдүйн төлөө одооноос “ус”-ыг чухалчлах хэрэгтэй. Бид бүхэн усны зөв зохистой хэрэглээг хэвшүүлснээр дэлхийгээ усны гачигдлаас аварч чадна.

--

--